Мандухай сэцэн хатан (* 1448 одоогийн Өвөр монгол † 1526) нь Монгол түмний хамгийн хүндтэй хатан юм. XIV-XV зууны Их Монгол Улсын задрал эрчээ авч, алтан ургийн ноёрхол мөхөн, төр угсаа залгамжлах алтан ургийн хүнгүй, хаан суудал хоосорсон цөвүүн цагт нэгэн монгол бүсгүй тасарч байсан алтан ургийн амийг халуун элгээрээ тэвэрч, хатан зориг, сэцэн ухааныхаа хүчээр Монголын төрийг дахин сэргээж чаджээ. Мандухай сэцэн хатан Алтан ургийн сүүлчийн хүү Батмөнхийг олж авч, хөлийг дөрөөнд гарыг ганзаганд хүргэн, задран унаж байсан их улсыг буцаан нэгтгэж түүнд хүлээлгэн өгсөн юм.
Амьдрал
Мандухай сэцэн хатан нь Түмэд аймгийн Энхүд овогтон Цоросбай Төмөр хэмээх хүний охин болж 1448 оны шар луу жил төржээ. Мандухай айлын ганц охин байсан тул эрх танхи өсчээ. Ааваараа монгол бичиг заалгаж, уншиж бичиж сурсны дээр морь унаж, нум сум харваж чаддаг болжээ.
Мандуул хаан удам залгах үргүй тул 40 нас гарсан хойноо 17 настай Мандухайг 1465 онд бага хатнаа болгон авсан аж. Мандухай дургүй байсан боловч ёсыг даган хатан нь болжээ.
Мандухай гоо үзэсгэлэн төгс, төрөлхийн сэцэн сэргэлэн байсан тул Мандухай сэцэн хатан гэж хүмүүс түүнийг хүндэтгэн дууддаг байжээ. 1467 онд Мандуул хаан нас барж, Мандухай сэцэн хатан бэлэвсрэн хоцорчээ. Хааны суурийг хоосон удаан байлгавал, феодалуудын хоорондох дайн самуун улмаар ширүүсч, зөрчил тэмцэл нь хурцдаж, Монголын хаант төр хямрах болно гэдгийг Мандухай сайн ойлгож байв. Тиймээс ч эртний уламжлалыг баримтлан, шинэ хааныг тодруулж хаан сууринд залах хүртэл түрүү хааны хатан төр барих ёсыг баримтлан Мандухай 19 наснаасаа эхлэн гурван жилийн турш их Монголын хаант улсын төрийг барьж байв. Энэ хооронд Мандухай сэцэн хатан бага наснаасаа эцэг эхээсээ өнчрөн хоцорсон Батмөнхийг олж авч, өөрийн биеэр өсгөн хүмүүжүүлж, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж хаан ширээнд суулгасан ажээ. Тэрээр төр барих хүн нь Чингис хааны Алтан ургийн гол удам, хаан суурийг залгамжлах эрхтэй хүн Мандуул хааны ач, Баянмөнх жононгийн өнчин хоцорсон ганц нуган үр Батмөнх болох ёстой гэж үзэж байсан юм. Гэвч энэ хүү насан бага байлаа. Батмөнх нь Баянмөнх жонон ба Шихэр Тайхугаас төрсөн хөвгүүн юм.
Ойрад Монголын Исмэл тайж зүүн Монголыг довтлох үед Баянмөнх жонон зугтаж, Исмэл тайж Шихэр Тайхуг өөрөө авч, хөвгүүн Батмөнхийг нь Балгачны Багай гэдэг хүнд өгч өсгүүлжээ. Баянмөнх жонон дайны хөлөөс дутааж явахдаа алагдаж Батмөнх эцэг эхгүй өнчин хоцорсон байна. Багай өнчин хүүг үрчлэн авсан боловч, хоол унд муутай байлгаснаас бэтэг өвчинд баригдаж эдгэрэхгүй удсаныг Тангадын Төмөрхадаг гэдэг хүн олж мэдэн, гуйц үзээд бүтээгүй тул Багайгаас булаан авч, өөрийн эхнэр Сайхайгаараа асруулжээ. Тэд есөн цагаан ингэний сүүгээр тэжээж, гурван мөнгөн аягыг цоортол илж эмчлэн зассанаар Батмөнхийн өвчин илаар болсон гэдэг. Үүний дараа Төмөр Хадаг Батмөнхийг Мандухай сэцэн хатанд аваачиж өгөв. Мандухай сэцэн хатан Алтан ургийн ганц хүү Батмөнхийг асран хүмүүжүүлж агуу суудалд суулгах бодолтой байх үед Хавт Хасарын хойч, Хорчин аймгийн Өнөболд ван элч илгээж Мандухай хатанд: “Галыг чинь цохиж, нутгийг чинь зааж өгсү” гэж хэлүүлэв. Үүнийг сонсоод Мандухай:
"Хааны өвийг Хасарын үр чи иднэ үү?
Хасарын үр чиний өвийг бид иднэ үү?
Өргөж үл болох үүдтэй билээ.
Алхаж үл гарах босготой билээ.
Хааны минь үр байтал
Хасарын үр чамтай юу гэж гэрлэх юм бэ?" гэж хариу барив.
Гэвч тэр зөв шийдвэр гаргахын тулд бас бусдын саналыг сонсож Алагчигуудын Сатайгаас: “Өнөболд вантай гэрлэж суувал таарна уу, үгүй юу? гэвэл Сатай: Өнөболд ванд зусардан “Өчүүхэн хүүхдийг хүлээхийн оронд Өнөболдод очих нь таарна” гэж хариулжээ.
Мандухай сэцэн энэ тухай дахин бодолхийлж Санхай өрлөгийн эхнэр Жихайгаас асуувал:
“Хасарын үрд очвол
Хар мөр татаж
Хамаг улсаасаа хагацаж
Хатан нэрээ алдана.
Хааны үрд очвол
Хаан тэнгэрт автагдаж
Хамаг улсаа эзэлж
Хатан нэрээ алдаршуулна.
Цагаан хөвүүнд очвол
Цагаан мөр татаж
Цахар түмнийг эзэлж
Цаглашгүй нэр алдаршина” гэж хэлжээ.
Энэ хоёр хүний саналыг сонсоод Мандухай сэцэн хатан өмнө нь хоёр зам байгааг өөрөө ойлгож байв. Сатайн саналаар Өнөболдын эхнэр болбол Монголын хаант төр Чингис хааны Алтан урагтнаас Хасарын хойчист шилжих учраас зөрчил тэмцэл хурцдаж, их самуурал үүсэх болно. Тиймээс Өнөболдын саналыг хүлээн авахгүй, Батмөнхийг өсгөн хүмүүжүүлж хаан суурийг хадгалахаар шийдэж, өөрийн хайр сэтгэлийг хойш тавихаар сэтгэл шулууджээ. Тэгээд Мандухай сэцэн хатан Сатайд:
“Хааны үрийг өчүүхэн гэж
Хамаг улсыг үгүй гэж
Хасарын үрийн их гэж
Хаашаа үг хэлэх буй” хэмээгээд халуун цайг тэргүүн рүү нь асгаж гэрээсээ хөөн гаргажээ.
Тийнхүү 1470 оны Цагаан бар жил Батмөнхийг бүх Монголын хаан ширээнд өргөмжлөн даяар улсаа хурааж яв хэмээн даян хаан цол өргөмжлөв. 22 настай байсан Мандухай 7 настай Батмөнхийг дагуулан, гурван давхар гутал өмсгөн, Алагчуудын үнээний алаг лонхтой архийг авч, Ордос дахь эзэн Чингисийн найман цагаан гэрийн өмнө очоод, суут хаан, хатны сүлдэнд цацал өргөн өчиг тангараг өргөхдөө:
“Хар морины зүс үл танигдах газар бэрлэм билээ.
Хааны чинь үр нярайдав гэж
Хадар авхайн үр гавьяа гэхэд
Хан ордны дэргэд ирэв.
Алаг морины зүс үл танигдах газар бэрлэм билээ.
Ачит үр чинь авья гэхэд
Айх амиа орхиж алтан ордны дэргэд ирэв би,
Айх амь минь алдрав.
Ичих нүүр минь эвдрэв.
Өргөн их үүдийг чинь хөнгөн гэж
Өндөр их босгыг чинь нарийн гэж
Өнөбалад энд эчихүл
Уурга чинь урт, хуйв чинь агуу буй намайг уургалж ав
Чиний үрийг өчүүхэн гэж басан авахул
Өнөбалад унг уургалж ав
Харь бүрсэн хан хөвгүүн төрж,
Хан хөвгүүн чи халив гэж
Хар биеэ мэдэж эчвээс хаа гуяа ханзруулсу
Эр богд эзэн минь хөвгүүн төрж бүлгээ
Эзэн хөвгүүнийг минь алдав гэж
Эм биеэ мэдэж эчвээс
Эш хатан чиний өмнө эвдрүүлсү би” гэж хэлжээ хэмээн тэмдэглэгдсэн нь буй. Энэ нь "Мандухай сэцэн хатны тангаргийн шүлэг" хэмээгдэн судлагдан үлдсэн байна.
Мандухай сэцэн хатны өргөсөн энэхүү өчиг тангаргийн үгээс үзэхэд тэрбээр Монголын хаад, язгууртан алтан ургийн бэрийн ариун ёс журмыг дээдлэн хүндэлсэн нь илт ажгуу. “Хар морины зүс үл танигдам газар бэрлэм билээ” гэхээс үзэхэд Мандухай сэцэн хатан хадмын талын өндөр дээд өвөг Чингис хаан, эш хатан Бөртэ үжин нарын онгонд мөргөхөөр очихдоо их л холоос бэрлэх заншлыг ёсон гүйцэтгэснийг харуулж буй. Монголчуудын дунд эрт дээр үеэс эхлэн бэрлэх зан заншлыг хэр сахиж байгаагаар нь эмэгтэй хүний оюун билгийг үнэлэн үздэг ёс уламжлагдсаар иржээ. “Монголчуудын бэрлэхүй” ёсны хамгийн чухал хэсэг нь айлын бэр хүн хадмын талынхаа өөрөөсөө ахмад хүмүүсийн нэрийг ямагт цээрлэн, тэдгээрийн нэртэй юм тохиолдвол өөр утга ойролцоо үгээр төлөөлөн нэрлэдэг заншил байлаа. Тиймээс ч Мандухай сэцэн эзэн богд, эш хатан нарын болон, нөхрийн талын дээд овгийн нэг Хавт Хасарын алдрыг хүртэл “хадар авгай” гэж халтируулан хэлсэн бололтой.
Монголын нүүдэлчдийн гэр бүлийн эртний уламжлалын нэг болох “Асараху” ёс заншлын дагуу эр нөхөр нь хальж одсоны хойно түүний төрөл төрөгсдийн хэн нэг нь бэлэвсэн хоцорсон эхнэртэй нь сууж үр удмыг нь залгуулан асран тэжээдэг ба энэ ёсыг зөрчин хааны үрийг нялх, балчир хэмээн басан хатан болох хүнийг нь авъя гэж Өнөболдыг гуйхад Мандухай журамт бэрийн ёсыг даган нөхрийн талын удмын Батмөнхтэй суухын тулд өндөр дээд хадмын орд гэрт ирж тангараг тавихад хүрчээ.
Монголын эртний заншил ёсоор айлын бэр хүн, хадмын гэрт хамаагүй орохгүй, хадам эцгийн голомтоос өнгөрч хоймор гарах ёсгүй ба гэрээс гарахдаа нуруугаа үзүүлэх цээртэй байжээ. Гэвч нөхцөл байдал ийм болсон тул Мандухай арга буюу бэрийн хүндэтгэлийн ёсыг алдаж өндөр өвөг, хадмын гэрт ирж өчил өчиж тангараг тавих болсноо: “Айх сэтгэл минь алдрав, ичих нүүр минь эвдэв” гэж хэлжээ. Үнэхээр ч суут богд Чингис хаан, сутай хатан Бөртэ үжиний онгоныг оршуулсан орд гэр бол Мандухайд тэр цагийн ёс журмын үүднээс бол өргөж болохгүй үүдтэй, алхаж болохгүй босготой, алдар хүндэт өндөр хадмын өргөө орд мөн билээ.
Мандухайн тангараг “Хаан хөвгүүн чинь халив, гэж хар биеэ мэдэж эчивээс хаа гуяа ханзлуулсу, эзэн хөвгүүнийг чинь алдав гэж эм хөвгүүн биеэ мэдэн эчивээс эш хатан чиний өмнө эвдүүлсү би” хэмээн хатуу чанга өгүүлснээс үзэхэд эр нөхөр нь нас барсан боловч эмэгтэй хүн биеэ мэдэж нөхрийн ургаас гадуур дахиж ураглаж үл болохыг маш тодорхой заасан хэрэг мөн.
Мөн Мандухай сэцэн хатан Батмөнх даян хаанд биеэ залуулах энэ үед, Чингис хааны найман цагаан ордны өмнө даатган залбираад үрийн хутаг гуйхдаа:
“Эрхт хаан эцэг минь
Эш хатан эх минь
Дотоод энгэрт минь
Долоон хөвгүүн төрүүл
Гадаад энгэрт минь
Ганц охин төрүүл
Доорд хатан над
Долоон нуган заяаваас
Долууланд нь Болд нэр өгч
Гал голомтыг чинь сахиулъя
Газар нутгийг чинь эзлүүлье” гэсэн бөлгөө хэмээн түүх, судар бичгүүдэд тэмдэглэгдэн үлджээ.
Батмөнх даян хаан төр барих чадвартай болоогүй балчир байсан тул Мандухай сэцэн хатан түүний хатан нь болж “Эрхт Боржигины унтарч байсан галыг асаасан” байна.
1471 оны цагаагчин туулай жил Мандухай хатан Батмөнхийг үхэр тэргэнд суулган цэрэглэн мордож, самуун үймээн тарьж амар заяа үзүүлэхгүй байсан дөрвөн Ойрадыг Тас бүрд хэмээх газар тосч байлдав.
1473 оны харагчин могой жил Мандухай хатан төрийн хэргийг 10 настай Батмөнхөд шилжүүлэн өгснөө зарласан байна.
Мандухай сэцэн хатан, Чингис хааны алтан ургийн их үйлсийг сэргээн мандуулахын төлөө хүч чадал, арга ухаанаа шавхаж, өөрийн биеэр дайн байлдаанд явж байсныг манай сурвалж бичгүүдэд: “Сайтар саадаглаж, садарсан үсээ хураан, сайн даян хааныг үхэглэж (үхэр тэргэнд суулгаж) мордов” гэж тэмдэглэсэн байдаг ажээ.
1482 оны хар бар жил 34 настай Мандухай сэцэн хатан ба 19 настай Батмөнх даян хаан хоёрын дундаас хоёр ихэр хүү төрсөн нь Төрболд, Улсболд болой. Энэхүү нас жил нь янз бүрийн бичиг баримтад мушгин гуйвуулсан эсвэл ихэд буруу зөрүү тэмдэглэгдсэн байдаг тул ийнхүү онцлов.
1484 оны хөх луу жил Төрөлт гүнж, Барсболд жонон хоёр ихэр төрөв.
1487 оны улаагчин хонь жил Арцболд төрөв.
1490 оны цагаан нохой жил дөрвөн Ойрадуудын төрийг самууруулах үйлдэл хурцадсан тул, Мандухай сэцэн хатан хөл хүнд байсан боловч дөрвөн Ойрадыг дахин дайлж нэгмөсөн дарж авав. Тэрхүү дайны талбарт Мандухай хатнаас Алчболд, Очирболд хоёр ихэр төржээ.
Ийнхүү мөрөөдөлөө биелүүлэх мэт их хааны ордны өмнө залбирч байсанчлан яг долоон хүү, нэг охин заяажээ. Тэдгээр нь Төрболд, Улсболд, Барсболд, Арсболд, Ачиболд, Очирболд, Арболд нэмээх долоон хөвгүүн, Төрөлт гүнж нэртэй нэгэн охин төрүүлжээ.
Түүний Улсболд хүү баруун гурван түмэнд алагдаж, үлдсэн зургаан хөвүүн тус тус Урианхай түмэн, Цахар түмэн, Халх түмэн, Ордос түмэн, Түмэд түмэн, Еншөөбү түмний ноён болов. Барсболд хүү нь ихэд ухаантай байсан учраас жонон болгожээ.
[засварлах]Үзэл бодол, бүтээсэн үйл
Монголын томоохон ноёдын дунд Их Монгол улсыг алтан ургийнхан удирдаж чадахгүй хагарган буталж байна гэсэн үзэл ихээр дэлгэрч Эсэн хааны үед алтан ургийнхныг хоморголон устгаж байжээ. Тэр үеэр Мандухай сэцэн хатан төрсөн ба Их Монголын төрийг их хааны удам Алтан ургийнхан л удирдан захирч чадна, өөр хэн ч нэгтгэн залж чадахгүй хэмээн үзэж амь биеэрээ тасарч байсан алтан ургийг сэлбэн, оюун ухаанаараа төр улсыг төвхнүүлсэн гайхамшигт монгол эмэгтэй байлаа. Тэрээр Чингис хааны сургааль үзэл бодлыг бат баримталдаг байсан байна. 100 гаруй жил үргэлжилсэн феодалын дайн Монголын ард түмэнд их хэмжээний хохирол, гай зовлонг авчирсан дотоодын хямрал, дайн тулалдааныг зогсоож, энх тайвныг цогцлоохын тулд Мандухай хатан хамаг бүхнээ зориулж ихийг бүтээсэн юм. Мандухайн сэцэн хатан зүүн, баруун түмэн, Ойрадын нэлээд хэсгийг улс төрийн арга, эв зүйгээр нэгтгэж чадсан бөгөөд гагцхүү зарим ноёдыг зэр зэвсэг хөдөлгөн эзэлж авахаас өөр аргагүй байсан тул тулалдан байлдаж эзлэн авч тэднийг цаашид баримтлан захирч байх талаар хатуу цааз гаргажээ. Мөн Мин (Хятад) улсыг цэрэглэн довтолж, цагаан хэрмийг давуулан хөөж байж даран авч энхийн гэрээ байгуулсан байна.
Ийнхүү Мин улсыг дарж, Ойрадыг дийлж, Монголын олон аймгийг нэгтгэсэн тул аугаа их ялалтаа тэмдэглэн, Даян хаанд бэлэглэж 1505 оны зун Хэрлэн мөрний хөвөөнд өв тэгш их найр хийв. Энэ удаагийн найр дээр Мандухай хатан:
“Бурхан тэнгэрийн ивээлд шүтэж,
Богд эзний үрийг тэтгэж
Буруу гэмтнийг гишгэн оруулж
Бутарсан төрийг нь хашиж өглөө.
Эзэн хаан өссөн тул
Эрхэм түшмэл танд тушаасугай
Үүнээс цаашид та нар засгаа баригтун”
Эм хүн над хамаа юун хэмээн Батмөнх даян хаан, бусад түшмэдэд төр улсаа засах дархан эрхийг өгөөд, өөрөө дахиж засаг явуулахгүй гэдгээ тунхагласан байна. Мандухай, Батмөнх нарын үед феодалын дажин хямрал түр дарагдаад, сурвалж бичигт тэмдэглэсэнчлэн хүн ард нэг хэсэгтээ “Гар газар, хөл хөсөр” харьцангуй амгаландуу байсан учир тус орны үйлдвэрлэх хүчний хөгжил болон, тусгаар тогтнолыг хамгаалах бэхжүүлэхэд дөхөм үзүүлжээ.
Мандухай сэцэн хатан Монгол улсын түүхнээ үүрд дурсагдах гавьяатай бөгөөд түүний дэмээр Батмөнх Даян хаан бүх Монгол улсаа 40 жил нэгтгэн захирч, “...Зургаан түг түмнийг эмхлэн цуглуулж, энхжин жаргуулсан” билээ. Тэрбээр монгол хүн бүрийн бахархал, монгол эмэгтэйчүүдийн үлгэр жишээ их Монголын алдарт удирдагч байсан. Дайны талбарт баатрыг орлон их жанжин, энхийн цагт хааныг орлон төрийг баригч, гэртээ 8 хүүхдийн элбэрэлт эх байж 19 наснаасаа эхлэн 40 нас хүртлээ их Монголын төрийг төвхнүүлэн барьсан гайхамшигт эмэгтэй байв.
Мандухай сэцэн хатаныг 1526 оны Улаан нохой жил 78 насандаа таалал төгссөн гэж үздэг. (Энэ нь нэлээн бүрхэг байдаг.)
Түүний дурсгалыг хүндэтгэн монголчууд 1989 онд "Мандухай сэцэн хатан" хэмээх кино бүтээсэн. Мөн төрийн соёрхолт ардын жүжигчин Жанцанноров "Мандухай сэцэн хатан" аяз зохиосон. Билэг танхай яруу найрагч Чойном "Монгол бүсгүй" шүлэгтээ Мандухай хатанг дүрслэн
"...
Шулуун бус адармаатай түүхийн
Чулуун хуудсууд эргэж байхад
Халуун тэмцлийн тоосон дунд
Бүлээн цус асгарч байхад
Морин цэргийн сэтэрсэн эгнээг
Монгол бүсгүй нөхөж явсан юм
Хайртыгаа тэвэрдэг уяхан гараараа
Хаттай сэлэм атгаж явсан юм
Хар хилэн гэзгээ шууж
Хаж мөнгөн дуулгаар даруулж
Найр наадмын гоёлын дурданд
Нарийн гялтан хуяг тааруулж
Саалийн хувин барьдаг гартаа
Саран дугараг бамбай атгаж
Исгэрээд ирэх гилбэрт сумыг
Ирмэгч үгүй сөрж явсан юм..." хэмээн шүлэглэсэн байдаг.
Есүхэй баатар ах дүү гурвуул Их Чилэдүгийн араас нэхэж долоон дов давтал хөөгөөд буцаж ирэн, Есүхэй баатар Өэлүн Үжиний суусан тэргийг хөтөлж ах Нэгүн тайж удирдаж, дүү Даридай Отчигин хажууд нь дагаж явав. Үүнд Өэлүн Үжин: "Ах минь! Миний Их Чилэдү салхи өөд сэглэгэр үсээ хийсгэж, хээр талд гэдсээ өлсгөж явна, эдүгээ би хоёр сэвлэг үсээ нэгийг нь ар тийш хаяж, нөгөөг нь өвөр тийш хаяж, хойш урагш унжуулж хэрхэн явах аж." гээд их дуугаар уйлахад Даридай Отчигин: "Уйлан санах эр чинь, ус олмыг гэтлэв, хайлж уйлавч харж чамайг үзэхгүй, дуугай бай! " гэж ятгав. Өэлүн Үжинийг Есүхэй баатар тэгээд гэртээ авчирч гэргийгээ болгов. Өэлүн Үжин Есүхэй баатартай ураглаад дөрвөн хөвгүүн, нэг охин төрүүлжээ. Тухайлбал: 1162 онд ахмад хөвгүүн Тэмүүжин (Чингис хаан), 1164 онд хоёрдугаар хөвгүүн Хасар (Хавт Хасар), 1166 онд гуравдугаар хөвгүүн Хачигун, 1168 онд дөрөвдүгээр хөвгүүн Тэмүүгээ Отчигин (Отчигин ноён) нарыг тус тус төрүүлэв. 1169 онд ганц охин Тэмүлэн (Тэмүүлэн гоо)-ээ төрүүлэв. Тэмүүжинг 9 настайд нь Есүхэй баатар Татар аймагт хорлогдоод зуурдаар нас нөгчив. Тэр хавар Амбагай хааны хатан Орбай Сухадай хоёр дээдсийн тахилгын газар (өвгөдийн хүүр оршуулах газар) тайлгын идээ өргөхөд Өэлүн Үжин оройтож ирснээс тайлгын идээний хувь хишгээс хожимдов. Өэлүн Үжин: "Та нар Есүхэй баатрыг үхэж гэв, үр хүүхдийг минь балчир гэж, ихэсийн тайлгын хишгийн шүүс тавилгаас хожимдуулсан уу? Та нар нүдээр үзтэл үл өгөх, нүүхдээ үл дуудахад хүрэв үү? " гэв. Тэр үгэнд Орбай Сухадай хоёр хатан: "Урьж чамд өгөх ёсгүй, учирвал чи идэх ёстой, хүргэж чамд өгөх ёсгүй, хүртвэл чи идэх ёстой!" гэв. Тэгээд Орбай Сухадай хоёр Есүхэй баатрын харъяат байсан Тайчуд аймгийн Таргутай Хэрилтуг, Тодойн Хирту нартай зөвлөж: "Эдний эх хөвгүүдийг нутагт нь орхиж нүүе, бүү авч явъя" гээд маргааш өглөө нь сэмээр Онон мөрний өөд хөдлөв. Өэлүн Үжин хөвгүүдийн хамт хуучин бууцандаа орхигдсонд Хонхотны Мэнлигийн эцэг Чирха өвгөн, нүүж явагсдыг очиж ятгасанд Тодойн Хирту: "Цээлийн ус ширгэв, цэгээн чулуу хагарав" гээд Чирха өвгөнийг жадлан хөөгөөд цааш нүүв. Чирха өвгөн гэртээ буцаж ирээд хэлсэнд Өэлүн Үжин ихэд хилэгнэж өөрийн биеэр туг барьж мордоод, тэдгээр иргэдийн заримыг буцаан авчирав. Гэвч буцаж ирсэн иргэд бас тогтсонгүй Тайчуудын хойноос нүүжээ. Өэлүн эх хуучин бууцандаа хаягдсаны дараа, нэгэн өдөр Тэмүүжин, Хасар, Бэгтэр, Бэлгүдэй дөрвүүл хамт сууж загас гөхдэжээ. Тэмүүжиний гөхөд нэгэн цайвар загас торсонд Бэгтэр Бэлгүдэй хоёр булааж авав. Тэмүүжин Хасар хоёр гэртээ ирж: "Манай гөхөд орсон нэгэн цайвар загасыг Бэхтэр Бэлгүдэй хоёр булааж авав" гэж Өэлүн эхэд заалджээ. Үүнд Өэлүн эх: "Та нар нэг эцгийн хөвгүүд байтал юунд ингэж маргалдана вэ? Одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байгаагаа мэднэ биздээ? Ийм бол бид Тайчуудаас яаж өшөөгөө авч чадах вэ? Та нар битгий чингэ!" гэж сургав. Тэмүүжин, Хасар хоёр үл ойшоон, Бэгтэрийг харваж алаад буцаж ирсэнд Өэлүн эх тэр хоёр хөвгүүнийхээ царайг үзмэгцээ учрыг мэдэж: "Ханиа барагсад, ижлээ идэгсэд!" гэж буруушаан донгодов. Өэлүн эх өнчин хоцорсон үр хүүхдээ дагуулж Онон мөрнийг өгсөн уруудан нүүдэллээд арай чарай амь зуун амьдарч байтал Тайчууд аймгийн Таргутай Хэрилтуг шадар нөхдөө дагуулж, Өэлүний хөвгүүд өсөв гэж довтолсоор ирэв. Өэлүн Үжин тэднээс айж хөвгүүдийн хамт Онон мөрний хөвөөдөх ой шугуйд дутаан орж аюулаас хэлтэрчээ. Түүний хойно Өэлүн эх Хэрлэн мөрний эх Бүрги эрэгт нутаглан байтал нэгэн өглөө шар гэгээ орж үүр цайж байхад, Өэлүн эхийн гэрт зарагдаж байсан Хуагчин эмгэн босч: "Эх эх хурдан бос! Газар дэлбэрэх мэт морины төвөргөөн сонсдож буй, аймшигт Тайчууд ирсэн биз, эх түргэн бос!" гэв. Өэлүн эх: "Хүүхдүүдийг түргэн сэрээхтүн" гээд өөрөө сандран босов. Тэгээд Тэмүүжин, Хасар, Хачигун, Тэмүгэ Отчигин, Бэлгүдэй, Боорчи, Зэлэм, Өэлүн эх Тэмүүлэнг өвөртөөн дүүрч тус бүр нэг морь унаад Бурхан Халдунд шургаж аюулаас хэлтэрчээ. 1190 оны эхээр Жамух гурван түмэт морьт цэргээ арван гурван анги болгон хувааж байлдахаар ирсэнд, Чингис хаан бас гурван түмэн морьт цэргээ арван гурван анги болгон хувааж Далан Балжуд гэдэг газар амдан тосоод ширүүнээр байлдав. Тэр тухай Чингис хааны эх Өэлүн Үжин болон түүний төрхмийн Олхунуд аймаг жич ойр төрөл, гэрийн хамаарагч нар нэгдүгээр хүрээ болж байлджээ. Жамухыг буцсаны сүүлээр, түүнийг дагаж байсан Оргудын Зөрчидэй, Мангудын Хойлдор, Хонхотын Мэнлиг нар тус тусын аймгаа дагуулж Чингис хаантай нийлэхээр ирэв. Үүнд Өэлүн Үжин хийгээд Чингис хаан их л баярлаж, Онон мөрний хөвөөн дэх балар шугуйд угтан аваад ихэд найрлажээ. Чингис хаан монголын олон аймгийг нэгтгэх үед, Өэлүн эх Мэргидийн нутгаас олж авсан Хүчү нэрт хөвүүн ба Тайчуудын Балодын нутгаас олж авсан Хөхэчү, Татарын нутгаас олж авсан Шихихутаг, Зүрхиний нутгаас олж авсан Борохолыг өргөн авч асран тэжээв. 1206 онд Чингис хаан монголын олон аймгийг нэгтгэсний дараа, эх хөвгүүд хийгээд дүү нартаа олон иргэдийг хувааж өгөв. Тэр тухай Чингис хаан: "Улсыг хураахад хэнээс ч илүү их зовж зүдэрсэн нь эх минь билээ. Дүү нарын минь хамгийн бага нь Отчигин билээ" гээд эх хийгээд Отчигинд түмэн иргэнийг хувааж өгөв. Үүнд Өэлүн эх чамлаж эс дуугарав. Чингис хаан Монголын олон аймгийг нэгтгэж их хаан өргөмжлөгдсөний дараа Хонхотын Мэнлиг эцгийн долоон хөвүүний дундах Хөхэчү Тэв Тэнгэр бөө: "Мөнх тэнгэрийн сахиулсан, Тэмүүжин нэг удаа улсын эрхийг барина, Хасар нэг удаа улсын эрхийг атгана гэж билэг тэмдэг мэдэгдэв. Хасараас эс болгоомжилвоос юу болохыг мэдэхгүй" гэж завсардуулан хэлэв. Чингис хаан энэ үгэнд итгээд, тэр шөнөдөө Хасарыг баривчлахаар хүн илгээв. Энэхүү чимээг Өэлүн эх олж сонсоод мөн шөнөдөө сүйх тэргэнд цагаан тэмээ хөллөж шөнө туж явж наран гарахын үеэр хүрч ирвээс Чингис хаан Хасарын ханцуйг уяж, малгай бүсийг нь аваад шүүн асууж байв. Эх нь хүрч ирсэнд Чингис хаан хирдхийн айв. Өэлүн эх уурлан тэрэгнээс буугаад Хасарын ханцуйн хүлээсгийг өөрөө тайлж тавиад, малгай бүсийгнь Хасарт өгч, уур хилэнгээ дарж ядан завилан суугаад хоёр хөхөө гаргаж хоёр өвдөг дээрээ байршуулан барьж: "Та нар харав уу! Хөхсөн хөх чинь энэ байна. Хадран хэрэлдэж, харбисаан хазаад, хүйсээн таслагчид! Хасар яав? Тэмүүжин энэ нэг хөхийг хөхөж бардаг, Хачигун Отчигин хоёулаа нэг хөхийг хөхөж барахгүй байдаг. Хасар ганцаараа хоёр хөхийн минь сүүг дуустал хөхөж цээжийг минь уужиртал амруулж, өвцүүг саруул болгодогсон. Тиймээс Тэмүүжин цээжиндээ эрдэмтэй, Хасар харвах хүчтэй, харшилдан гарсан этгээдийг харваж оруулах чадалтай, атаархан гарсан дайсныг алсаас буцаах эрдэмтэй, эдүгээ дайсныг дарж дуусав гэж Хасарыг үзэн ядаж байна уу?" гэв. Өэлүн эхийн уурыг намжуулаад Чингис хаан: "Эхийг хилэгнэсэнд би айхын ихээр айж, ичихийн ихээр ичэв. Бид одоо ингэхээ болъё!" гэв. Гэвч сүүлээр нь Өэлүн эхэд мэдэгдэлгүй далдуур Хасарын иргэнээс булаан авч 1400 хүнийг л үлдээж өгөв. Үүнийг Өэлүн эх мэдэж сэтгэл зовсоор түргэн хөгширөөд их удалгүй нас баржээ. Өэлүн эх бол Чингис хаан, Хасар, Хачигун, Отчигин ноён, Бэлгүдэй зэрэг өөрийн хүүхэд ба Борохол, Шихихутаг, Хүчү, Хөгэчү зэрэг өргөмөл хөвгүүдээ туйлын хүчир бэрхшээлтэй байдлын дор тэжээн өсгөж, сурган хүмүүжүүлээд монголын түүх ба дэлхийн түүхнээ алдар цутай хүмүүс болгосон гавъяат эх болох юм. Миний хүү эцгийнхээ сүй тавьсан охиноо авчрах нь зөв. "Гэргийтэй хүний сэтгэл төвшин, Гэр чинь дулаахан байдаг юм" гэж Их эзэн Чингист сургасан эх билээ.
Ану хатан гэж хэн байсан бэ?
1.Ану хатан бол нэг талаас эх оронч нөгөө талаас хайр сэтгэлийнхээ төлөө нас барсан эмэгтэй
“Монголчуудын амьдрал” сонины 2009 оны 12-р сарын №36-д зохиолч сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг ярилцлага өгөхдөө, хүний хамгийн үнэт зүйл бол сэтгэлгээний эрх чөлөө мөн гэж би боддог. Би өтлөхөөс илүү зөнөхөөс айдаг. Хүн тархиа залуу байлгах хэрэгтэй. Хоёроос дээш хэл мэддэг хүний тархи хөгширдөггүй гэж уншсан юм байна гээд л ийн ярьжээ.
Сур: Таныг түүхэн роман бичиж байгаа гэж сонслоо. Яагаад энэ төрөлд хүч үзэх болов?
Б.Ш. -”Ану хатан” нэртэй нэг роман эхэлж байгаа. Гэхдээ төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчээр дуусаагүй зохиолоо яриад байх нь ч хаашаа юм. Монгол үндэсний зан заншил, хэл соёлоо дээдлэх үзэл бодлын хувьд би Б.Ренчин гуайг их хүндэлж явдаг юм. Одоо Токиогийн хэл соёлын сургуульд багшилж байгаа Ж.Бат-Ирээдүй доктор миний монгол хэлний багш. Энэ хүн Чой.Лувсанжав гуайн шавь, Лувсанжав багш Ренчин гуайн шавь. Ингээд бодохоор би Ренчин гуайн талын хүн. Ренчин гуайн “Ану хатан” өгүүллэгийн төгсгөлд “Хэрвээ миний бие гүйцэх юм бол энэ эх оронч монгол эмэгтэйн тухай роман бичнэ” гэсэн байдаг юм. Харамсалтай нь бичиж амжаагүй. Тэгээд би тэр баатарлаг эмэгтэйн тухай нэг роман бичихээр шийдэн эхэлчихээд байна.
Сур: Роман, тэр дундаа түүхэн роман бичнэ гэдэг хэцүү бишүү?
Б.Ш. -Ямар ч зүйл хоёр талтай байдаг шиг панаалтайгаар биччихье гэвэл түүн шиг амархан юм байхгүй. Хэн ч 18-р зуун руу очиж шалгахгүй учраас. Гэхдээ хэн ч эсэн хийж буй зүйлдээ үнэнч байх ёстой. Тэр талаасаа бол үнэхээр хэцүү. Түүнээс гадна энэ дэлхий ертөнц, эрэгтэйчүүдийн бүтээсэн соёл, түүхийг мөн л эрчүүд бичиж үлдээсэн болохоор эмэгтэй хүний талаарх баримт материал түүхэнд бараг байдаггүй юм билээ. Хүмүүсийн хан, цагаан яст язгууртнуудын удам угсааг зөвхөн эцгийн талыг бариад биччихдэг. Ямар сайндаа л Америкийн зохиолч “Монголын их хатадын түүх” гээд Чингис хааны охидын тухай бичиж байх вэ. Тийм учраас Ану хатан гэж Хошуудын Очиртсэцэн хааны охин, Ойрадын Галдан бошгот хааны хатан, одоогийн Улаанбаатар, Туул голын орчим Зуунмод гэдэг газар манжтай хийсэн тулалдаанд амь үрэгдсэн гэх балархай зүйл л түүхэнд үлдсэн байдаг юм байна лээ. Тэр нь бүр Манжийн эх сурвалжид илүү тодорхой байдаг. Энх-Амгалан хааны төв ази дахь хамгийн том дайсан нь Галдан бошигт байсан болохоор түүнийг сөнөөн устгасан гэдгээ одоогийнхоор бол асар том пиартайгаар түүхэндээ тэмдэглэн үлдээсэн. Ану хатан нэг талаасаа эх оронч, нөгөө талаасаа хайр сэтгэлийнхээ төлөө нас барсан эмэгтэй юм шиг байгаа юм. Галдан Бошготыг амьдаар нь манжийн гарт өгөхгүй гэж бүслэлтийг сэтлэх тулалдаанд орсон гэж бичсэн байдаг. Бас Галдан Бошгот өөрөө хатан болгож буулгасан, ах Сэнгэ хааных нь хатан байсныг асрамжлах ёсны дагуу авсан гэж түүхчид маргадаг. Тийм болохоор амаргүй, хэцүү. Гэхдээ хүн хэцүүгийн өмнө шантарч болохгүй.
2.
Ану хатан бол Галдан Бошгот хааны хамтран зүтгэгч. Ингэж судлаач түүхч Д.Энхцэцэг бичсэн байх юм. Түүний “Ану хатан” тэмдэглэлээс сонирхуулбал: Галдан /1644-1697/ Төв Азийн улс төрийн байдал тун эгзэгтэй үед Зүүнгарын улсын хаан ширээнд сууж, засаг төр, эдийн засгийн оновчтой шинэчлэлт хийж, бүх Ойрадыг нэгтгэн захирч Зүүнгарын хаант улсыг хүчирхэгжүүлэн бэхжүүлсэн болой. Тэрбээр улс орныхоо эдийн засгийг өөд нь татахад ихэд анхаарч, мал аж ахуй, газар тариалан, гар урлалыг хөгжүүлэх, сүм хийд олныг байгуулан, шашныг дэлгэрүүлэх бодлого явуулж байв. Харийн түрэмгийллээс хамгаалах зориулалт бүхий цэргийн бэхлэлт, хот тариалангийн суурингууд нь хожмын зарим хотын үндэс болж, соёл шашин, худалдааны төв болж өргөжсөн. Галдан Бошгот Манж дайчин улсын Төв Азид явуулсан түрэмгий бодлогыг эцсээ хүртэл эсэргүүцсэн цогтой тэмцэгч байв. Тэрээр цэргийн үйлдвэрлэлийг өргөтгөн, галт зэвсгийг монголд анх үйлдвэрлэсэн, цэргийн эрдэмд гарамгай шалгарсан цэргийн жанжин төдийгүй Зүүн гарын хаант улсад шашныг дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн шашны том зүтгэлтэн байжээ.
XVII зууны Төв Азийн улстөрийн амьдралд гарсан томоохон үйл явдал нь Зүүнгарын хаант улс байгуулагдсан явдал юм. Зүүн-гарын хаант улс нь тухайн бүс нутгийн улс төрийн харилцаанд томоохон үүрэг гүйцэтгэсэн төдийгүй Манжийн түрэмгийллийг сөрөн зогссоор байлаа.
Ялангуяа Ойрадын Эрдэнэбаатар хунтайжийн хүү Галдан Бошгот хаан Монголын тусгаар тогтнолын төлөө идэвхтэй тэмцэгч нэгэн байлаа. Түүний хамтран тэмцэгч нь Монгол эх орон, газар шорооныхоо төлөөө амь биеэ үл хайрлан явсан түүх домгийн эзэн болсон Ану / **/ байсан юм. 1671 оны орчим Зүүнгарын хаант улсын хаан ширээг залгамжлагч Сэнгэ / */ алагдаж, түүний орыг дүү Галдан авч ахын бэлбэсэн хатан Ануг гэргий болгон суужээ. Далай лам түүнд “Бошгот” цол өргөмжилсөн тул Галдан Бошгот хаан хэмээн олноо алдаршсан. Энэ тухай түүх сурвалжид тэмдэглэснээс үзвэл:
Галдан өөрийн эх Юм-Агийн / */зөвлөснөөр Ануг гэргий болгосон /6/
Энэ нь тухайн үедээ Ойрадын дотоодод хамгийн нөлөө бүхий хошуудын эзэн хүчирхэг Очирт цэцэн ханы дэмжлэгийг авах нь юу юунаас илүү чухал байсантай холбоотой, ач охин Ануг нь хатнаа болгосон.
Хошууд аймаг энэ үед хуваагдмал байдалтай болж зүүн жигүүрийг захирах болсон дүү Аблайн эсрэг тэмцэлд Ойрадын ханаас тусламж авахыг Очирт сэцэн хан ч ихэд эрмэлзэж байсан тул Ануг Галданд гэргий /3/ болгон өгөх зэрэг хоёр талын улс төрийн шалтгаанууд харилцан нэгдэн нийлжээ. Зарим зохиолд Ану бүр хүүхэд ахуй цагтаа Галдантай ойр дотно байж, Очирт сэцэн ханы өргөөнд өссөн тухай тэмдэглэсэн байдаг./4/ нэгэнт Галдан Төвдөд шавилан суух болсон шашин номын хүн тул гэрлэхгүй тухайн үөийн ёс журмын дагуу Сэнгийн хатан болсон бололтой. Харин хожим Галдан Бошготын хатан болжээ.
Ану хатны тухай эх сурвалжид дурьдахдаа зарим тохиолдолд Очирт цэцэн хааны охин гэж, заримд нь Очирт сэцэн хааны хүү Галдмаа Баатарын охин /*/ , өөрөөр хэлбэл Очирт сэцэн ханы ач охин гэсэн зөрүүтэй / 5/ тэмдэглэсэн байдаг. Хэдий тийм боловч Ану хатны тухай мэдээ тун хомс, тусгайлан тэмдэглэж үлдээсэн зүйл байхгүй, ямар нэг үйл явдалтай холбогдуулан цөөн хэдэн нэр, үйл явдалд дурьдсанаас үзвэл Ану хатны хүү Сэвдэн балжир, охид нь Юнчихай, Бум нар байжээ./6/
Бошгот хааны хатан Ану түүний нэгэн насны хань гол тушиг тулгуур, үнэнч зөвлөгч, эрэлхэг шадар, дайчин нөхөр нь болж байсан.
3.
Ану хатан гэж үнэхээр байсан уу? Түүхэн хүн үү? Аль эсвэл домог уу? Үнэхээр цөөхөн хэдэн мэдээ үлдсэнийг иш татах төдий дурьддаг юм байна. Чорос Бирадамбийн “Ойрадын түүхэн зурвас” номноос эшилбэл: -…Галдангийн довтолгоон халхын долоон хошууг бүрнээр хамраад зогссонгүй Манжид дагаж орсон Өвөр монголын хошуудыг түгшээхэд хүрч хүрээгээ тэлж өргөжиж буйд Манжийн эрх баригчид түгшиж Өөлдүүдийг нэгмөсөн дарж авахаар шийдсэн ажээ. Энх Амгалан хаан гурван замаар хорин түмэн цэрэг хөдөлгөж цэргийнхээ тоог дөчин түм хэмээн дөвийлгөн цуу үгийг нийтэд тарааж сүрдүүлэг хийхийг оролдсон хийгээд хаан өөрөө дунд буюу гол замын хүчээ захиран хөдлөхөөр шийдсэн амуй.
Энэхүү мөчид Галдангийн гол хүч Хэрлэн голыг уруудаж өгсөж байр сэлгэж явсаар Туул голын эхэн урсгал хавьд буудалласан байлаа.
Энх-Амгалан хаан их цэргээ Халхын гүнд оруулахад цаг хугацаа шаардлагатайг харгалзаж хугацаа хожих сүүлчийнхээ мэхийг хэрэглэж өөрийн охидын дотроос гоо төрсөн Түвэ Цэн гэгч гүнжийг сонгон өндөр зэргийн дэв, нэртэй элч хараар Галданд хүргүүлэхээр мордуулжээ. Гүнжийн аюулгүй байдлыг хангах хоёр зуун гавшгай цэргийг дагалдуулан явуулав.
Өнгө мөнгө Хятад Манжийн бусдыг татах үндэсний зэвсгийн нэгэн гэдгээ тэд юуцд мартав гэж. Галданд гоо гүнжийг дагуулж хоёр зуун лан мөнгө, хэлхээтэй зоос, алтан хуяг, магнаг aye булган малгай зэрэг ховор нандин эд элтийг бэлтгэн илгээсэн авай.
…Энэ завсар Манжийн цэргийн их хүч хугацаа хожиж амжсан агаад Баруун замын цэрэг нь Туул голд тулж ирэв. Эл мөчид Галдангийн гол хүч заан Тэрэлжийн Зуун мод хэмээх газар хүрээлэн буудаллан Манжийн их хүчтэй тулалдахаар бэлтгэн байв.
Манжийн цэрэг 1696 оны 7 дугаар сарын 13 (Ш.Нацагдорж -Манжийн эрхшээлд байсан үеийн Халхын хураангуй түүх 54-р нүүр)-ын өдөр довтолгооноо эхэлж өдөржин зууралдан тулалдаад хоёр тал алин ч ялж дийлж чадсангүй.
Харин хоёр талаас адил ихээхэн хохирол амсаж олон мянган хүн хүчээ алдсан ажээ. Манж нар нэгэн Хятад жанжины санаачилгаар хэсэг хүчийг Галдангийн ар хударгаар оруулж ар талын ачаа хөсөг, хүнс тэжээл, хүүхэд эмэгтэйчүүдийг булаан авлаа. Дайсан бэлтгэл хүчээ тулалдаанд оруулахад Ойрадууд арга буюу хэсэг бүлээр ухарч эхлэв. Хүний олон, зэвсгийн хурцаар давуу дайсантай хүч үзсэн тэнцвэргүй эл аймшигт тулалдаанд Галдан хан өөрийн биеэр цэргээ тэргүүлэн орж баатар эрсээ зоригжуулан чухам манж нарыг намнахыг нь намнаж, таллахыг нь таллаж байв хэмээнэ. Хатан Ану ч мөн мориноосоо бууж эр нөхрийнхөө нэгэн адил гар тулалдаанд эрэгчин эмэг чинээ үзэлцэх завсар манжийн галт бууны суманд оногдож үхэтхийн уналаа. Ийнхүү Монголын нэгэн нэрт хатан эрэлхэг эмэгтэй харамсалтайгаар амь насаа алдсаныг нэхэн сэтгэл сэмрэн харамсах юун билээ.
Жич, Ану хатун аваас Галдан ханы итгэмжит хань, хамтран зүтгэгч эрэмгий дайчин эмэгтэй хийгээд Монголын дээд сурвалжит язгууртан нарын удам хойч нь амуй. Тэрбээр Баруун Монголын хошууд аймгийн ноён, Хасарын угсааны Гүш хан Торбайхын ач охин буюу Очирт сэцэн ханы охин (Е.Кычанов Ойрадын Галдан Бошгот ханы тухай өгүүлэх нь 35-р нүүр) хэмээн бичсэн байх авай. Харин дээр дурдсан Өвөр Монголын Намсрай Очирт сэцэний хөвгүүн Галдмаагийн охин хэмээн бичжээ.
4.
“Торгуудын их нүүдэл” бүтээлдээ судлаач Цүрэмийн Мухар өгүүлэхдээ:
-Зарим эх сурвалжид Галдан бошгот цагаан хаант оросоос цэргийн зөвлөх авч, галт зэвсгийн наймаа хийж, Ижил мөрнөөс Хоо Өрлөгийн торгууд нараас тусламж авах оролдлого хийж байсан боловч Манжийн хаан Галданг Оростой харилцаа тогтоох боломжийг бүрэн хааж, түүгээрч барахгүй Хөх нуур, Түвдтэй харилцах замыг тасалж, ар хударгаар нь зүүн гарт Галдангийн ач дүү Цэвээнравданг хаан өргөмжилж Галдангийн эсрэг Ховд, Улаангомд хоёр ч удаа турхирч амжжээ.
Галдан удалгүй шинэ армитай болж Манжийн хааны (1696он) цэрэгтэй Тэрэлж, Зуун модны элсэнд шийдвэрлэх тулаан хийжээ. Ширүүн байлдаанд Галдан дахин ялагдаж, дайны талбарт үрэгдэгсдийн дунд түүний хатан Анударь байлаа. Хятадын түүх бичлэгээр Ану хатан нь дайнч, үзэсгэлэн гуа эмэгтэй байв. Гялалзсан шар өнгөтэй гуулин хуяг өмсөж дайсандаа үхэл авчрах нум сумыг чадамгай харвадаг нэгэн байсан бөгөөд унасан морь нь тэмээ шиг өндөр сурлэг байв. Ану хатаны тугийн дор шилдэг дайчид тулалдаж эцсийн тулалдаанд бүгдээрээ Анутай хамт алагджээ.
5.
Тэрэлжид Ану толгой гэж түүхийн дурсгалт үзэсгэлэнт сайхан уул байдаг юм байна. Энэ толгой дээр Ану хатан шилдэг баатаруудтайгаа цуг байж эцсийн шийдвэрлэх тулаанд орж бүслэлтийг сэтлэн Галдан хааныг бүслэлтээс гаргаж өөрөө хүнд шарх авч мөн амьд мэнд гарсан боловч Орхон гол хавьд юмуу хаа нэгэнтэй нас баржээ. Түүнийг нас барахад эмгэнэн гашуудаж нэн хүндэтгэлтэй оршуулсан гэсэн домог байдаг юм байна.
Энэ түүхэн баатар эмэгтэйн талаар одоо хүртэл олигтай судалгааны бүтээл бичигдээгүй байна.
Оросын зохиолч Анна Ахматова:
Үгүй ээ харь орны тэнгэр доор ч биш
Хар элэгтний далавчны нөмөрт ч биш
Гай зовлон ард түмнийг минь дайрсан тэр л газар
Гарцаагүй би ард олонтойгоо хамт байсан гэж бичиж байсан бол Унгарын зохиолч Петөөфи Шаандор:
Янаг, амраг эрх чөлөө
Яасан ч энэ хоёр хэрэгтэй
Амрагтай болохын төлөө
Амь алдсан ч надад хамаагүй
Эрх чөлөөний төлөө л
Энхрий янагаа ч би хайрлахгүй
гэж бичсэнтэй Галдан хаан, Ану хатны амьдрал ижил мэт санагдана.
Тэрэлжийн Зуун модонд болсон эмгэнэлт тулалдааны тухай бичгийн их хүн Бямбын Ринчен гуай бичихдээ:
Дөрвөн Ойрадын төрийн их сүлд, та бүгдийг Ойрад сайхан нутгийн зах хүртэл ивээн тэтгэх болтугай! Моринд минь бугын баг өмсгөгтүн! гэхэд нь, хөтөч баатар нь Бор өргөөнөөс арван хоёр салаат мөнгөн бугын баг хүлэг моринд нь зүүв. Нэгэн өтгөс мянгатан, Дөрвөн ойрадын харъяа их хар сүлдэнд айраг цэгээ цацаж, Ануд айраг барин өчрүүн:
Ойрад тумний догшин хар сүлд ,
Олон дайсан манжийг сүрдүүлж,
Атаатан дайсантай алалдан
Амь хайргүй тулах та бүгдийг
Сүр их хүчтэн болготугай!
Харьтан дайсантай цавчилдах
Хатан илд тань хурц болтугай!
Ойрад тумнийхээ төлөө тулалдаж
Онгон сахиус болох та бүхэн,
Махбод биеэн гээж байлдавч,
Мандаа онгон сахиус болтугай!
Үй түмэн ойрадын ач тань
Үеийн үед та бүхнийг дурднам!
гээд салах ёс гүцэтгэхэд Галданы сэтгэл тэсгэлгүй хөдөлж, Анугийн баруун хацрыг үнсэн тэврээд, баруун гараа өргөн баатар дагалдагсдыг нь ёслов. Ану арван хоёр салаа эвэрт мөнгөн баг зүүсэн хулэг мориндоо мордоод Галданг өгүүлшгүй хайртай сэтгэл төгөлдөр харцаар ширтэн хараад, цэрэгтээ явах дохио өгсөнд цөм хөдөлж Ойрадын хар сүлдийг нар зөв тойрон гарахад үлдэгсэд нумтай нь нумаа, сэлэмтэй нь сэлмээ, жад барьсан нь жадаа өргөн ёсолж үдэв. Анугийн зуутан баатар, дөрвөн ойрадын аялгууг эгшиглэн үүсгэсэнд, зуун цэрэг нь эрэлхэг зоригт хоолойгоор жавхлан төгс тэр аялгууг түрэн дуулалцаж дайсны зүг байлдахаар их хүрээнээс гаран довтлов.
Дайсны явган цэргийн дундуур гудамж мэт зам гарган дайрч Ану баатар цэрэгтэйгээ хятад бууч цэргийн байранд довтлон орж цавчин тулалдав. Ану сэлэм гялалзуулан цавчиж, европ сурган зааварлагчийн зүг явган цэргийн дундуур дайран орсонд сандрахынхаа ихэд яаран хятад буучийн дааган бууны амыг Анугийн өөдөөс чиглүүлэн харуулж чичирхийлэх гараараа бялтыг дарийн аманд хүргэвээс дааган бууны амнаас гал утаа бурт хийж, ширмэн сум баатар хатны элгэндэх мөнгөн толинд туссанд хадуурт хяргуулсан атар газрын цэцэг мэт ойчин унав. Дайсны цэрэг баярлалдан хашгиралдаж улам ширүүлэн дайравч Ану хатны шилдэг баатар цэрэг нь нэг ч алхам ухралгүй тулалдсаар ойрадын их цэргийн хүрээнд үлдсэн цэрэгт дайсны бүслэлтээс цөмрөн гарах зам нээгдэж, зургаа дахин хүч зэвсэг давуу цэрэгтэй баатарлан тулалдсаар Галдан Бошгот Туулын Зуунмодны сүүлчийн их тулалдаанд төмөр хүрээ мэт бүсэлсэн манж хятад цэргийн хүрээг сэтлэн гарч, өрнө зүг, дөрвөн ойрадын нутгийн зах тэмцэн одсонд зургаан тум гаруй дайсны цэрэг түм хүрэхтэй үгүйтэй ойрад цэргийг ихэд дарав гэж сүр бадруулан бичдэг боловч гагцхүү зуугаад ойрад цэргийг олзолсон нь цөм байлдаанд шарх олж, зэвсэг барин эсэргүүцэж чадахгүй болсон эрс байсан гэж өвгөд өтгөсийн аман домогт хэлэлцдэг түүнийг үзвэл, юутай зориглон тулалдсан нь илэрхий байнам.